МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН БААТРЫН НЭР, ХОЧ НЭРИЙН СУДАЛГААНЫ АСУУДАЛД


Монгол уран зохиолын баатрын нэр, болон хоч нэрийн судалгааг  нэрийн хэмжээнд тусгайлан судласан нь их түгээмэл биш юм. Бид монгол уран зохиолын нэр болон хоч нэрийг түүвэрлэн, “Монгол хүний нэр, хоч нэрийн сан” 2009 ном хэвлүүлсэн билээ. Энэ санд 400 орчим уран зохиолын баатрын нэр, 250 гаруй уран зохиолын хоч нэр багтсан юм. Энэхүү номын агуулгад түшиглэн монгол уран зохиолын баатрын нэр болон хоч нэрийн талаар зарим санаа хэлэхийг энэ үгүүллийн зорилго болгов.

“Монголын уран зохиолын баатруудын нэр бол монгол хүний нэрийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг юм”[1]. Аливаа уран зохиолын баатрын нэр, хоч нэр нь дүрийн судалгааны нэг чухал хэсэг болдог. Дүрийг нэргүйгээр, нэрийг дүргүйгээр сэтгэхэд хэцүү. Дүр нь зохиолын үзэл санаа, агуулга, зохиомжтой уялдан бий болдог зүйл. Нэр нь дүрийг амьдруулж, уншигчид илэрхийлж ойлгуулах тэмдэг болох юм.

“Бодит хүний нэр бол нэгэн үеэс нөгөө үед дамжин хувирч өөрчлөгдөн хэрэглэгдэж байдаг нийгэм, түүхийн хөгжлийн бүтээгдэхүүн юм. Харин уран зохиолын баатрын нэр нь ямагт тухайн ард түмний хэлний нэрийн тогтолцоог түшиглэн бий болдог хоёрдогч шинжтэй…”[2] ажээ. Монгол уран зохиолын баатрын нэрийг ажиглавал энэ баатрын нэр нь заавал зохиолынхоо цаг үе, орчин ахуй, тухайн нөхцөл байдлыг төлөөлж чадах  нэр байдаг. Баатрын нэр нь зохиолынхоо нийгмийн байдал, нас, хүйс, зан төрх, бие, сэтгэлийн онцлогт тохирч байдаг. Баатрын нэр болоод хоч нь уншигчид яг ийм нэр, хочтой байх ёстой юм шиг тийм гүн сэтгэгдэл төрүүлдэг. Хэрэв өөр нэртэй байсан бол магадгүй уншигчид итгэл үнэмшил багатай ч байж болох юм. Ихэнхи тохиолдолд уран зохиолд баатрын нэр, хоч нэр хоёр бараг ижил үүрэг гүйцэтгэдэг, ижил шинж чанартай байдаг.

Зохиолын дүрийн тодотгол нэг талаар нэрийн тодотгол болох нь байдаг. Нэрийн тодотгол нь дүрийн тодотгол болж хөрвөдөг. Бидний түүвэрлэсэн уран зохиолын баатрын нэрийн бараг 60 хувь нь дүрийн тодотгол хийсэн байдаг бөгөөд энэ зохиолын баатрын нэрийг хэвшүүлэн тодруулахад чухал зүйл болдог байна. Тухайлбал, “Аминаа бол бэлхүүс нарийн, ташаа дүүрэн, гунхалзсан өндөр гоолиг биетэй, уран хүзүүтэй, жирвийсэн хөмсгийн доор наадах талимаарсан хар нүдтэй, ягаан шүлт тунасан цайвар царайтай, алхах гишгэх нь бүжихийн адил уян гунхуур, арван тав зургаа орчим насны буюу гэгээнтний үеийн охин байв.” С.Эрдэнэ, “Занабазар”, “Гаанаа … хүн харахад зузаан уруултай, зууван бор нүдтэй, засмал хөмсөгтэй, бозлог биетэй жирийн л нэг хүүхэн. Гэхдээ миний хувьд чухам үлэмжийн чанар бүрджээ.” С.Эрдэнэ, “Зуурдын жаргал”, “Дагиймаа тэгэхэд арван долоохон настай, үргэсэн ботгоных шиг хар нүдтэй, лавай цагаан шүдээ яралзуулсан охин байлаа. Ёстой л манай энэ тоост их говийн ганц цэцэг байсан юм.” П.Пүрэвсүрэн, “Өшөө” гэх мэтээр Аминаа, Гаанаа болон Дагиймаа  гэгч чухам хэн бэ гэдгийг ийн нүдэнд харагдтал зурж үзүүлж нэрийг нь “хамгаалдаг” жишээ уран зохиолоос олныг олж болно.

Сайн сонгож олж өгсөн уран зохиолын баатрын нэр бол өөр нэрээр сольж болшгүй баттай тогтсон хэрэглэгдэхүүн байдаг байна. Энэ тухай К.В.Зайцева “Зохиолын дүрийн онож өгсөн нэр нь тухайн дүрийн амин сүнс нь болдог”[3] гэжээ. Нээрээ л цаг хугацаа, орон зайн илэрхийлэл болсон энэ зохиолын баатрын нэр болоод хоч нэрийг чухам тухайн нэрээс өөр ямар ч сайхан нэрээр солисон ч зохиолын мөн чанарт нөлөөлөхүйц хүчин зүйл болох юм.

Судлаач Г.Эрхэмбаяр, баатрын нэрийн гүйцэтгэх үүргийг “1. Дүрийн мөн чанарт хамааралтай нэр, 2. Зохиолын үйл явдлын орон зайд хамааралтай нэр, 3. Зохиолын үйл явдлын цаг хугацаанд хамааралтай нэр” [4]  хэмээн гурав ангилсан байна.

Хэдийгээр баатрын нэрийг ийн хувааж болох боловч энэ гурван шинж нэг баатрын нэрд цогцлон бий болсон нь ч бий, зөвхөн нэг нэрд ганц хоёр шинж бүрэлдсэн ч бий. Тийм учраас бүх баатрын нэр, хоч нэрийг энэ категорид хатуу зааглан хуваарилж болохгүй юм.

Уран зохиолын хувьд хоч нэр баатрын нэрээс дутахгүй чухал үүрэгтэй. Хоч нэр нь аливаа хэлний хүний нэрийн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд нийгэм – хэлшинжлэлийн үүднээс авч үзвэл монгол хоч нэрд бүр ч сонин онцлог шинж их ажиглагддаг.

Хоч нэр гэж юу болохыг судлаачид өөр өөрөөр тайлбарласан нь бий. Д-р Д.Бадамдорж “Хоч нэр гэж тухайн хүний зан чанар, өнгө зүс, ажил үйл, дадал зуршлаас улбаалсан, ёжилсон утгатай олдмол нэрийг хэлнэ”[5] хэмээн тодорхойлсон бол эрдэмтэн Б.Пүрэв-Очир “нийгэм- хэлшинжлэлийн талаас харвал ярианы болон уран сайхны найруулгад өргөн хэрэглэгдэж, гол нь нийгмийн зүгээс өгч байгаа эерэг сөрөг үнэлэмжийг илэрхийлдэгийн дээр тухайн улс үндэстний хэлэн дэх бэлгэдэх ёс, ялгах ёс, хийсвэрлэх ёс, адилтгах ба зүйрлэн нэрлэх ёстой салшгүй холбоотойгоор үүсээд, соёлын ялгааг тодорхойлогч нэгэн өвөрмөц үг, соёлын бүлэг болдог ажээ.”[6] гэж тодорхойлжээ. Д-р Д.Энхбат, “Хоч нэр бол хүний зан чанар, араншин, царай зүс, биеийн хэлбэр, дадал зуршлаас үүдэн нэрлэсэн, бусдаас онцгойлон ялгасан нэр юм. Тухайн газар оронд нэг нэрт хүмүүс буюу амьдай нар олшироход хооронд нь ялгах зорилгоор хоч нэр зүүн нэрлэдэг амой ”[7] гэж хоч нэр үүсэхийн нэг учрыг тодруулжээ. Хоч нэрийн нийгмийн шинжийн талаар судлаач Н.Нансалмаа бичихдээ, “Хоч нэр нь нэг талаас нэг хүн зохиодог тохиолдлын шинжтэй мэт боловч нөгөө талаас нэг удаа хэрэглээд мартагдахгүй, харин урт хугацааны амьдралтай байгаа нь нийгмийн хамт олон энэ хоч нэрийг хүлээн зөвшөөрч, урт хугацааны эргэлтэд оруулдагтай холбоотой. Иймээс хоч нэр үүсэхдээ хувь хүний шинжтэй боловч хэрэглээний явцад нийгмийн шинжтэй болдог байна.”[8] гэжээ.

Монгол хүний хоч нэрийн талаар зохиолч Д.Маам “Түмний хайрласан хоч нэрэнд ч хүртэл учир их бий хэмээвээс эндүү ташаа болох нь юун. Хүний зан араншингийн сайн муу тал, гэгэг согог, бие бялдрын өө согог, тэр ч байтугай заяа төөргийг совиндон харж хочилсон нь бий бөлгөө”[9] гэжээ. Үнэхээр монголын уран зохиолын хоч нэрийн бүтэц, утгыг ажиглавал бие бялдрын гэм согог (алцгар Чойдон, атигар Балдан, гилжгий Жалбуу, гүзээ ихт Жамба, данхар Далхаа, дэвхрэг Дэчин, Дэрчин Дэрэм, хөх толгой Гончиг, мэлхий хамар Сэнгэд, хар Шоомой, Хоовон хөх, солгой Дорж ), зан чанарын алдаа эндэгдэл (араажав Гэндэн, сагсуу Алтангэрэл, ), ажил амьдралын зам мөр, ажил мэргэжил (агсан Жамбаа, алиа Петер, баян Донхор, бичээч Эрдэнэ, бэлтрэг Дорж, ), үйл дадал, амь амьдралын арчаа анхиа (бух Гомбо, Ёндон панз, залхуу Маам, мангар Сүхээ ) зэрэг олон үйлээс үүтгэн хоч нэр үүсгэдэг ажээ.

Нэр, хоч хоёр агуулгын болон хэлбэрийн хувьд харилцан шүтэлцэн хавсарч урлан бүтээх нэгэн чухал хэрэглүүр болж байдаг. Уран зохиолд баатрын нэрийг тэр болгон тайлбарлаад байдаггүй бол харин хоч нэрээ ихэнхи тохиолдолд уншигчдад шууд болон дам аргаар тайлбарлаж ойлгуулсан нь их байдаг. Хоч нэрийн утга учрыг ойлгуулахдаа шууд тайлбарлахаас гадна зохиолын үйл явдалтай уялдуулан холбож дам учирлах явдал бий. Уран зохиолд хоч нэрийг хэрхэн тайлбарласан талаар авч үзвэл, Ц.Дамдинсүрэн “Бух Гомбо” зохиолдоо “… Гэвч Гомбыг зүгээр Гомбо гэж хүн ердөө нэрлэдэггүй бух Гомбо буюу бух гэж нэрлэх болсон байжээ. За тэгээл Гомбын бух цолтой болсон нь учиртай юм байж. Гомбо аравхан үнээтэй байтлаа арван таван бухтай юм. Эр бяруугаа ердөө засаж хөнгөлөх гэж байдаггүй хүн байжээ.” , гэсэн бол Б.Бааст “Гэрийн хээрийн хоёр хар амт зохиолдоо, “Жалбууг гилжгий гэлцэнэ. Энэ гилжгий нь эхээс нь болжээ. Эх нь түүнийг төрүүлэх үед хөхөнд нь сүү орж, тулман хөхтэй ямаа шиг сэрийсэн хоёр хөх урган гарчээ. Гэтэл нэг хөх нь сүү муутай байв, тэгэхээр нь эх нь сүүтэй хөхөө өгч тэр болгонд өөрийн үнэртэй өрлөг үстэй бэлбэгнэсэн нялх зулайг нь илээд байсан чинь сүүлд мэдэхнээ хүү нь ийнхүү нэг талаараа хэвтэн хөхөж илүүлсээр гилжгий болжээ.” гэж бичсэн буй. Мөн “Таны алдар нэр хэн гэдэг бол гэж асуув. Дорж гэдэг. Солгой Дорж ч гэдэг, урд барилдахдаа солгой тонгордог байсан, тэгээд л солгой нэртэй болчихсон гээд нүдэнд нь гашуудал гэрэлтэн, магнайн арьс нь үрчлэн зангирснаа нутагт хөгшин эх минь үлдсэн юм сан.” (Ч.Лодойдамба, “Тунгалаг Тамир”), гэх буюу “Гэтэл нэг шөнө нөгөөх хулуу гээч юмаа хулгайд алдав. Удалгүй сураг гарч манай дээд ангийн Мягмар шөнө дүлээр хулгайлж байрандаа авчраад идэх гэсэн боловч онцгүй санагдахаар нь шарилжин дотор нуусан байна. Бид Мягмарыг тааралдсан газраа хулуу хулуу гэж хашхирсаар тэр Хулуу Мягмар гэдэг хочтой болов.” (Б.Дариймаа, “Хулууны хулгайч”), гэх мэтээр хоч нэрээ тайлбарласан байдаг.

Уран зохиолын баатрын оноосон нэр болоод хоч нэр нь хэдийгээр нэг зүйлийн хоёр тал мэт боловч зохиолын дүрийг тодруулах, уншигчид зохиолын утга учир, зорилго санааг нээж ойлгуулж өгөх бас нэг чухал хүчин зүйл болдогоороо зорилго нэгтэй адил зүйл  ажээ.

Уран зохиолын баатрын нэрийн судалгаанд баатрын нэрийн болон хоч нэрийн толь бичиг маш чухал үүрэгтэй бөгөөд монголын уран зохиолын баатрын нэрийн толь бичгийн анхны туршиц болгон бид “Монгол хүний нэр, хоч нэрийн сан” номыг монгол уран зохиолын баатрын нэрийг түшиглэн хийсэн бөгөөд үүнийг цаашид улам дэлгэрүүлэн хийх нь баатрын нэр, хоч нэрийн судалгаа болон уран зохиолыг бүрэн бүтэн ойлгоход чухал үүрэг гүйцэтгэх болно.

Ийнхүү монголын уран зохиолын баатрын нэр болон хоч нэрийг цаашид дэлгэрүүлэн судлах нь монгол хэлний үгийн сангийн нэрзүйн судалгааны нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болно.

 

Резюме

Имена и прозвища героев художественной литературы представляют собой одну важную часть создания художественных образов и являются одним из средств уточнения образов, характера и качества произведений. В дальнейшем требуется тщательное изучение прозвища в художественной литературе. А также в этой статье выявлено то, что словарь имен и прозвища героев художественной литературы играет важную роль в исследовании по семантике и стилистике имен героев и может оказаться хорошим справочником для читателей и учащихся в глубоком понимании художественной литературы.


[1] Ж.Бат-Ирээдүй, “Монгол хүний нэр, хоч нэрийн сан”, Уб., 2009, 4 х.

[2] Г.Эрхэмбаяр, “Уран зохиолын баатрын нэрийн хэл найруулгын үүрэг”, Уб., 2011, 21 х.

[3] К.В.Зайцева, “Некоторые вопросы стилистической ономастики”, “Ономастика Поволжья” Уфа. 1973, с. 398

[4]  Г.Эрхэмбаяр, “Уран зохиолын баатрын нэрийн хэл найруулгын үүрэг”, Уб., 2011, 28-р т.

[5] Д.Бадамдорж, “Монгол хэлний үгийн сангийн утгазүй”, Уб., 2006, 252 –р т.

[6] Б.Пүрэв-Очир, “Сайн үйлсийг бүтээж салаа замаар явсан эрдэмтэн-зохиолч”, Уб., 2008, 70-р т.

[7] Д.Энхбат, “Хүмүний зохист нэр”, Уб., 2004, 30-р т.

[8] Н.Нансалмаа, “Орчин цагийн монгол хэлний хоч нэрийн бүтэц, онцлог”, 105-р т.

[9] Д.Маам, “Газар шороо” Уб., 169-р т.

Post a comment or leave a trackback: Trackback URL.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: